Медина

Медина, албан ёсоор Гэрэлт Медина (араб: المدينة المنورة, Аль-Мадина аль-Мунаввара) нь Саудын Арабын баруун хэсгийн Хежаз мужид орших Медина тойргийн нийслэл хот юм. Энэ хот бол Исламын шашны түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн чухал газруудын нэг юм. Исламын шашны хоёр дахь хамгийн ариун гэгддэг тус хот 2022 оны байдлаар 1,477,023 хүн амтай бөгөөд тус улсын дөрөв дэх хамгийн олон хүн амтай хот болжээ. Хүн амын 58.5% нь Саудын Арабын иргэд, 41.5% нь гадаадын иргэд байдаг юм.
Өмнө нь Медина хотыг "Ятриб" гэж нэрлэдэг байсан бол 622 онд Бошиглогч Мухаммед болон түүний хамтрагчид Меккагаас нүүж ирсний дараа "Аль-Медина ан-Набавиа" (араб: المدينة النبوية - "Бошиглогчийн хот") гэж нэрлэгдэх болсон. Энэ нь Лалын шашинтнуудын эриний эхлэл гэж үздэг байна. Медина хот Арабын Халифатын нийслэл болжээ. Медина дахь Мухаммедын гэр нь анхны сүм болжээ. Зөнч Мухаммед 632 онд нас барж, Мединад оршуулжээ. 656 онд Мухаммедын гэрийн суурин дээр Их сүм буюу Зөнчийн сүм (Масжид ан-Набави) баригдсан. Дөрөв дэх халиф Али нийслэлийг Мединагаас Иракийн Куфа руу нүүлгэжээ.
Медина хот түүхийнхээ туршид эрх мэдлийн олон өөрчлөлтийг туулсан. Эхэндээ энэ бүс нутгийг Арабын еврей овог аймгууд болох Аус, Хазраж нар захирч байжээ. Мухаммед ба Рашидунууд (622-661), Умайядууд (661-750), Аббасидууд (750-945), Фатимидууд (945-1170), Айюбидууд (1170-1254), Египетийн Мамлюкууд (1254-1517), Османчууд (1517-1805), Саудын анхны улс (1805-1811), Мухаммед Али Паша (1811-1840), хоёр дахь удаагаа Османчууд (1840-1918), Меккагийн Хашемит Шарифат (1918-1925), эцэст нь 1925 оноос Медина нь орчин үеийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна.